Багшийн үг хэзээ ч илүүддэггүй....
“ГД” нөхцлийн хар шуурганаас эх хэлээ хамгаалья...
Та ажигласан уу? Өнөөдөр радио-телевизийн хөтлөгчдийн хэл яриа,
сэтгүүлчдийн бичвэр, нийгэм-төрийн зүтгэлтэн гээд бараг л амтай болгон
“гд” нөхцлийг дэндүү их хэрэглэх болжээ. Хэвлэл мэдээллийнхэн яагаад ч
энэ алдааг гаргаж боломгүй санагдана. Учир нь утга зохиолын хэл
найруулга, тэр дундаа сонин хэвлэл, радио-телевизийн хэл найруулга,
түүнийг бичдэг, хэлж ярьдаг, хөтөлдөг
хүмүүс олон нийтэд үлгэр дууриал, хэв загвар нь болж байх учиртай. Гэтэл
өнөөдөр хөтлөгч-сурвалжлагч нь буруу ярьж, харин зочин нь зөв хэлж байх
юм, ичмээр гэдэг нь... Ингээд тахал мэт тархаад байгаа “гд” нөхцлийн
талаар бичсэн эрдэмтний номын хуудсыг сөхье.
"...Монгол хэлэнд
үйлдэгдэх хэвийг хэтрүүлэн хэрэглэвэл найруулга сулардаг. Гэхдээ
зайлшгүй үйлдэгдэх хэвээр хэлбэржүүлэх тодорхой тохиолдол бий.
Тухайлбал:
• Байгаль нийгмийн юм үзэгдэл хүний мэдрэхүй эрхтэнд
аяндаа өртөн тусдаг нөхцөлд үйлдэгдэх хэвийн –гд, -т, -д нөхцөлийг
хэрэглэнэ. Жишээ нь: Нүдэнд харагдах, үзэгдэх. Чихэнд дуулдах,
сонсогдох. Хамарт үнэртэх. Хэлэнд амтагдах. Гарт баригдах, мэдэгдэх,
тэмтрэгдэх. Сэтгэлд бодогдох, дурсагдах, санагдах гэх мэт
• Үйл
явдлыг өөрөө хийе гэвч хүчин мөхөсдөх буюу бусдын давамгай хүч чадал,
зүй тогтлын эрхэнд болохыг заах тийм нөхцөлд үйлдэгдэх хэвээр
хэлбэржүүлнэ. Жишээ нь: ялагдах, тоглоомд хожигдох, муур нохойд хөөгдөх,
үерт автах, өвчинд нэрвэгдэх, тоосонд дарагдсан зураг гэх мэт
•
Албан бичгийн найруулга, шинжлэх ухааны нэр томъёо зэрэгт үйлдэгдэх
хэвийг хэрэглэж ирсэн уламжлал байдаг. Жишээ нь: мэдэгдэх, мэдэгдэл,
мэдэгдэхүүн, хуваагдагч, нэмэгдэгч, хасагдагч, хаягдал, холбогдол,
гологдол, дутагдал, гэх зэрэг “гд” нөхцөлтэй нэлээд үг бий. Энэ гурваас
өөр тохиолдолд үйлдэгдэх хэвийг хэрэглэж болох боловч нэн цөөн гэдгийг
анхаар!!!
Монгол хэлний үйл үгийн найруулгын өвөрмөц нэг шинж бол
ихэнх тусах үйл үг үйлдэгдэх хэвээр хэлбэрждэггүй явдал юм. Жишээ нь:
уугдсан цай, идэгдсэн талх, өмсөгдсөн хувцас, уншигдсан ном, хийгдсэн
хурал, авагдсан чихэр гэх зэргээр ярьж бичдэггүй билээ"
Тиймээ,
гэтэл өнөөдөр арай ингэж хэлэхгүй ч сургалт явагдсан, зарлал хадагдсан,
олонд танигдсан... гэх зэргээр бичиж, хэлж ярих нь тоолж барамгүй
болжээ. Хожмын Радио-Телевизийн уран бүтээлч болох та нар өнөөдрөөс
эхлэн “гд” нөхцлийг зөв хэрэглэж, бусдад нөлөөлөх хэрэгтэй гэж бодно.
СУИС-ийн РТВС-ийн багш " Чулуунцэцэг " -ийн FACEBOOK / dolgor chuluuntsetseg /
No comments:
Post a Comment